Бүх мэдээнүүд
Нэг дуу, олон эзэмшигч

Дэлхийн хит бүтээлүүдийн ард хэн юу эзэмшдэг вэ?

Хөгжмийн тухай бидний ойлголт ихэвчлэн энгийн байдаг. Дууг дуучинтай нь холбож, “энэ дуу хэнийх вэ?” гэж асуухдаа тэр хүний нэрийг л боддог. Гэвч хөгжмийн салбарын бодит байдал энэ энгийн ойлголтоос хавьгүй нарийн бүтэцтэй. Нэг дууны цаана олон эзэмшигч, олон эрх,олон давхар гэрээ оршдог бөгөөд энэ нь орчин үеийн хөгжмийн эдийн засгийн үндэсболдог.

Үүнийг ойлгохын тулд дэлхий даяар хамгийн их сонсогдсон бүтээлүүдийн нэг болох Shape of You дууг авч үзэхэд хангалттай. Энэхүү дуу нь Ed Sheeran-ий нэртэй салшгүй холбоотой. Гэвч энэ дууг бүхэлд нь “түүнийх” гэж хэлэх нь хууль зүйн болон бизнесийн утгаараа бүрэн зөв биш юм.

Юуны өмнө дууны зохиол буюу ая, үг нь тусдаа эрхийн объект байдаг. Энэ хэсгийг хөгжмийн паблишинг компаниуд удирддаг бөгөөд “Shape of You” дууны хувьд энэ эрхийг Sony Music Publishing хариуцдаг. Өөрөөр хэлбэл, тухайн дууг кино, реклам, дижитал контент, олон нийтийн орчинд ашиглуулах эсэхийг шийдэх, лиценз олгох, үнийн нөхцөл тогтоох, дэлхийн хэмжээнд роялти цуглуулах зэрэг бүх асуудлыг Sony зохицуулдаг гэсэн үг.

Харин бидний өдөр тутам сонсдог яг тэр бичлэг, өөрөөр хэлбэл Spotify, YouTube, радио дээр эгшиглэж буй хувилбар нь өөр нэг эрхийн хүрээнд оршдог. Энэ нь мастер бичлэгийн эрх бөгөөд “Shape of You” дууны мастерийг Warner Music Group эзэмшдэг. Иймээс тухайн дууг ашиглахдаа зөвхөн зохиолын эрх эзэмшигчээс зөвшөөрөл авах нь хангалтгүй, мөн мастер эрх эзэмшигчээс давхар зөвшөөрөл шаардлагатай болдог.

Энэ бүхний дээр дууг бүтээхэд оролцсон хүмүүсийн хүрээ ч өргөн. Ed Sheeran ганцаараа энэ дууг бүтэээгүй,харин хамтран зохиогчид, продюсерууд оролцсон. Иймээс publishing эрх өөрөө дотроо хувь хуваагдсан байдаг бөгөөд роялти орлого нь олон талд тархаж хуваарилагддаг. Нэг дуу хэдий нэг нэртэй холбоотой мэт харагдавч бодит байдал дээр олон хүний хамтын бүтээл, олон талын эзэмшил болдог нь эндээс харагдана.

Эндээс хамгийн чухал нэг ойлголт гарч ирдэг. Нэг дууг ашиглахын тулд нэг биш, дор хаяж хоёр өөр зөвшөөрөл шаардлагатай байдаг. Нэг нь зохиолын эрх буюу publishing, нөгөө нь мастер бичлэгийн эрх. Энэ хоёр эрхийг тус тусад нь эзэмшигчид удирддаг бөгөөд хоёулаа зөвшөөрөл олгосон тохиолдолд л тухайн дууг хууль ёсоор ашиглах боломж бүрдэнэ.

Ийм бүтэц бий болсноор хөгжмийн салбар зүгээр нэг уран бүтээлийн орчноос давж, нарийн зохион байгуулалттай эдийн засгийн систем болж хувирсан. Том паблишинг болон рекорд компаниуд сая сая бүтээлийн каталогийг удирдаж, дэлхийн аль ч зах зээлд дууг ашиглах боломжийг бүрдүүлж, орлогын урсгалыг тасралтгүй бий болгож байна. Нэг дуу зөвхөн гарсан үедээ орлого олоод зогсохгүй, олон жилийн турш кино, сурталчилгаа, стриминг, шинэ платформуудаар дамжин дахин дахин ашиглагдсаар байдаг.

Энэ утгаараа дуу гэдэг нь зөвхөн гурван минутын аялгуу биш, харин урт хугацаанд орлого бий болгодог, удирдаж болдог, үнэ цэн нь өсдөг эдийн засгийн актив юм. Түүнийг хэн бүтээсэн нь чухал хэвээр үлддэг ч, түүнийг хэн удирдаж, хэн ашиглуулж, хэн орлогоос нь хүртэж байна вэ гэдэг нь орчин үеийн хөгжмийн салбарт илүү чухал асуулт болж хувирсан.

“Shape of You” дуу хэнийх вэ гэсэн асуултад нэг л хариулт байхгүй. Энэ нь Ed Sheeran-ийх, мөн Sony-ийнх, бас Warner-ийнх. Эдгээр бүх хариулт зэрэг үнэн. Учир нь хөгжмийн бүтээл гэдэг нэг эзэмшигчтэй зүйл биш болж, харин хуваагдсан эрхийн нийлбэр, зохион байгуулалттай эзэмшлийн систем болсон.

Энэ системийг ойлгож чадсан хүмүүс л хөгжмийн зах зээлд жинхэнэ утгаараа “эзэмшдэг” болдог.

Бүтээлээ
бодит бизнес болго
Оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж